Сүүлийн жилүүдэд Монгол орны нэн ховор амьтдын нэг Баданги хүдэр хулгайн ан агнуурын улмаас ховордсоор байгаа юм. Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ хамтран хэрэгжүүлж ”Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг эхлүүлээд байна.
Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг Бөхөн шарын нуруунд Баданги хүдрийг сэргээн нутагшуулах бэлтгэл ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаачид удирдан 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд Баданги Хүдрийг барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг энэ сард зохион амжилттай байгууллаа.
Байгаль дээрээс хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн амьтан судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар эдгээр сумдын засаг захиргаа нутгийн иргэд хамтран ажиллажээ.
Сэргээн нутагшуулсан нэн ховор тус амьтдыг хяналтын автомат камер болон байгаль хамгааллын бусад тоног төхөөрөмжийг ашиглан тус бүс нутгийн байгаль хамгааллын байгууллага, байгаль хамгаалагчидтай хамтран нутгийн иргэдэд түшиглэн хамгаалж байна.