Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
Л.Энх-Амгалан: "Монгол улсад 88 их дээд сургууль, үүнээс их сургууль нь 34, дээд сургууль 46, коллеж нь 8 байгаа. Засгийн газрын тогтоолоор 88 их дээд сургууль маань 67 болж буурч байгаа юм. 21 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа зогсоож байна. 24 их сургууль дээр зургаан сарын хугацаатай үүрэг өгч байгаа. Зургаан сарын хугацаанд тодорхой шаардлага хангахгүй бол энэ 24 сургууль дахиж үйл ажиллагаагаа цааш нь явуулах боломжгүй болно.
Үйл ажиллагаа нь зогсож байгаа 13 сургууль байна. Үүн дээр 163 багш 1567 оюутан байгаа. Ерөөсөө энэ 13 сургууль дээр нийлээд л 1567 оюутан байна гэсэн үг, нэг сургуульд 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуультай байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ 13 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Энэ сургуульд сурч байгаа нэг ч оюутнуудын эрх ашиг хөндөгдөхгүй. Харин ч энэ 1567 оюутан илүү чанартай нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их дээд сургуулиудад шилжин суралцах боломжуудыг олгож байна.
Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.
