Баянзүрх дүүргийн 16-р хороонд Улаанхуараны автобусны буудал дээр байрлах ТҮЦ-үүдийг нураах, улмаар ачиж зайлуулах ажлыг хийж байна. "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос иргэдийн амжиргаагаа залгуулж байгаа ТҮЦ-ийг нураахыг эсэргүүцэж, ТҮЦ ачихаар очсон автомашины хөдөлгөөнийг хорьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Иргэн Ш.Оюунчимэгийн хувьд:
"Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн биздээ. Бууз, хуушуур хэн юу чаддагаа хийгээд амьдар гэчихээд өнөөдөр яаж байгаа юм. Иргэдийн ажлын байрыг дээрэмдэж байгаа энэ үйлдэлд уур хүрч байна. Өнөөдөр ядуурал ихэссээр байгаа. Хөдөлмөрөөс халамж руу шилжүүлж байгаа МАН-ынхан энэ үйлдэлд тайлбар хэлэх хэрэгтэй. Хэдэн хэсгийн ахлагч нар нь "хүнсний талон"-оо өөрсдөө хуваагаад авчихдаг" гэв.
Иргэн А.Мөнхтуяа:
"Сонгууль бүрт эрх баригчид автобусны буудал дээр байрлаж байгаа ТҮЦ-үүдэд зөвшөөрөл олгоно гэдэг. Тиймдээ ТҮЦ-үүдийн өнгө үзэмжийг өөрчилж нэгдсэн нэг шар өнгөтэй болгосон. Гэвч хөрсөн дээрээ засаг дарга, онцгой, цагдаа гээд бүх хүчний байгууллага нь ирээд мөрөөрөө үйлчилгээ эрхэлж байгаа иргэд рүү дайрч, тэдний эрх чөлөөнд халдаж байна. Бид Монголдоо амьдармаар байна. Жирийн иргэд нь баян байж улс орон хөгждөг. Гэтэл иргэдээ туйлд нь хүргэчихээд хот тохижилт хийгээд явах тухай ярьж байна. Ард иргэд нь туйлдаа хүртлээ ядуу байхад төрийн эрх баригчид дэлхийн жишиг ярьдаг. БЗД-ийн 16-р хорооны дарга Булганхүү иргэдээ хуурч мэхлээд ТҮЦ-нүүдийг ачиж байгаа. Бид хууртагдахгүй. Хуулийн дагуу зөвшөөрлөө авбал эко, өнгө үзэмжтэй ТҮЦ-тэй болох боломжтой. Өдрийн хоолноосоо хэн ч салахыг хүсэхгүй. ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид ойр орчимдоо биеэ засдаггүй. Өнөөдөр 00-ын асуудал хаа сайгүй байна. Хот тохижилтынхон хогийн сав, 00-ын асуудлаа шийдэх хэрэгтэй. Солонгосын хөрөнгө оруулалттай GS25, CU үйлчилгээний байгууллагуудыг хаа сайгүй байрлах зөвшөөрлөө олгодог хирнээ жирийн иргэдийг дээрэлхэж байна. Солонгостоо ч ийм их хэмжээний сүлжээ дэлгүүр байдаггүй. Гэтэл манай улсад үр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий ийм үйлчилгээний цэгүүдийг ихээр байгуулчихаад бидний яагаад ингэж хашиж, шахаж байна вэ? Биднийг арчиж хаясныхаа дараа энэ дээр өөр зориулалтын, хэн нэгний нөлөө бүхий үйлчилгээг хийхээр зэхэж байна. Хүн болгон зээлтэй байхад буруу шийдэл гаргаж байгаад харамсаж байна. Бид УЛНЫ айлууд байтугай, гишгүүр боллоо. ТҮЦ-гүй, ажилгүй, амьдралгүй хүмүүс архинд живж байна. Биднийг ийм нөхцөл рүү оруулах гэж байна" гэлээ.
