Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, А.Ундраа нар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.17) өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллага, зэвсэгт хүчин, харин хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа) явуулж байна. Уг гүйцэтгэх ажил нь өндөр түвшний нууцлал шаарддаг учир нээлттэй тайлагнах боломжгүй. Энэ байдал нь гүйцэтгэх ажил хуулийн хүрээнд явагдаж, хүний эрхэд хууль бусаар халддаггүй эсэхэд хариулт авах нь УИХ-ын хяналтаас гадна байх үндэсгүй хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг мэргэжлийн байнгын хороо болох Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлж, Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрдэнэ гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.