НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна.
Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумын нээлтэд оролцон үг хэллээ.

Тухайлбал, цахим орчинд хүний эрхийг зөрчих, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд тулгарч байгааг дурдав.
Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний эрх, нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал нэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн хот суурин газарт оршин суугаа иргэдийн эрх, амьдрах орчинд гарч буй сөрөг нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдол, хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг сануулав.
Цаашид шинээр байгуулахаар төлөвлөсөн болон дахин төлөвлөлт хийх бүх хот, суурин газрыг хүнд ээлтэй, хүн төвтэй, ногоон хөгжилд суурилсан, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр, “Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргаж, төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, хөдөө аж ахуйн кластер, шинжлэх ухаан, аялал жуулчлалын төв болсон эко-ухаалаг хот болгон байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” хэмээн тэмдэглэв.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилсэн бөгөөд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус тус баталсан. Ингэснээр Монгол Улс хүний эрх хамгаалагчийн бие даасан хуулийг батлан хэрэгжүүлж буй Ази тивийн анхны улс болсон юм.
Эдгээр хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын бүрэлдэхүүн өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан.
Цаашид Хүний эрхийн үндэсний комиссын асуудал хариуцсан гишүүдийн чиг үүрэг, механизм хоорондын уялдааг хангах, үйл ажиллагаа, тогтолцооны нэгдмэл бодлоготой байх, орон нутагт ажиллах бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөц, техник хэрэгсэл, орчин нөхцөлийг Парисын зарчимд нийцүүлэн улам сайжруулах шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх ёстойг тэмдэглэхийн сацуу хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ ямагт сахин биелүүлэхийг төрийн байгууллага, албан тушаалтан, ард иргэдэд уриаллаа.
Энэ удаагийн форумын үеэр хүний эрхийг хангах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсаны 25 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Форумын үеэр:
Форумд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хүн амын бүлгүүдийн төлөөлөл оролцож байна.
