COP17-ын Цэнхэр бүсийн үйл ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж, Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөлөө.
Өнөөдөр Бүх гишүүдийн хороо (COW) холбогдох конвенц, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, мөн UNCCD-ийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах асуудлыг хэлэлцэв.
Мөн Шинжлэх ухаан, технологийн хороо (CST) болон Конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх хороо (CRIC) тайлан, зөвлөмж, шийдвэрийн төслүүдээ хэлэлцэж, Талуудын бага хуралд хүргүүлэх ажлаа үргэлжлүүллээ. Эдгээр хуралдааны дараа Талуудын бага хурлын (COP) 4 дүгээр хуралдаан үргэлжилж, хороодын тайлан, зөвлөмж болон Конвенцын хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.
Тав дахь өдрийн онцлох үйл явдлын нэг нь COP17-ын Хотын дарга нарын чуулга уулзалтаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталсан явдал байлаа. Тунхаглал нь газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хот, орон нутгийн манлайлал, оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Энэ удаагийн Хотын дарга нарын чуулга уулзалтад 33 улс, 24 хот, олон улсын 51 байгууллага болон Монгол Улсын 23 байгууллагын төлөөлөл оролцож, газрын доройтол, ган, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар зэрэг харилцан уялдаатай сорилтыг орон нутгийн түвшинд бодит шийдэл, хэрэгжилттэй холбох асуудлаар санал солилцож байна.
Үүний зэрэгцээ “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлж, хотууд газрын доройтлыг хэмжих, тайлагнах практик аргачлалыг туршин, үр дүнг COP18-д танилцуулахаар зорьж байна.