ТӨВ СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
Аймгийн Засаг даргын 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба өнөөдөр хурлаа хийлээ.
Хуралд аймгийн Засаг даргын орлогч бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Батбаатар, дэд дарга бөгөөд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Насанжаргал, ажлын хэсгийн гишүүн бөгөөд аймгийн “Төв Чандмань” ДЭХГ-ын дарга Д.Баярбат, Зуунмод сумын орлогч дарга Б.Баярмагнай болон холбогдох мэргэжилтнүүд, Зуунмод сумын хэмжээнд цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээний засвар шинэчлэл хийж байгаа аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцлоо.
Хурлаар халаалтын улирал эхлэхтэй холбогдуулан бэлтгэл хангах, яг одоо уурын зуухнууд дээр хийгдэж байгаа шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Ажлын хэсгийн дэд дарга бөгөөд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Насанжаргал: шугам сүлжээний ажил хийхдээ ажилчдын болон орчны аюулгүй байдыг сайтар хангах, нээсэн байгаа худаг, нүх, шуудууг тухай бүр нягталж шалгаад яаралтай булах ажлыг хийх, иргэдийг мэдээ мэдээллээр тогтмол хангах, гүйцэтгэж байгаа ажлын чанарт анхаарч, нягтаршуулалтаа сайн хийх, 2 дугаар хэлхээний шугам сүлжээний зураг төслийн ажлыг анхааралдаа авах, дээд шатны байгууллага руу явуулсан бичиг баримтны араас хөөцөлдөх, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажиллахад анхаарах зэрэг асуудлаар саналаа илэрхийллээ.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Батбаатар 7 хоног бүрийн эхний өдрийн үдээс хойш ажлын хэсгийг тогтмол хуралдуулах, нээсэн байгаа худаг, суваг шуудуу, нүхийг булах ажлыг яаралтай зохион байгуулах, дараагийн ажлын хэсгийн хуралд ажлын хэсгийн гишүүдийг бүрэн оролцуулахыг тус тус үүрэг болголоо.