“АДУУНЫ ЭМНЭЛЭГ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Өнгөрсөн 05 дугаар сард аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзах үеэрээ БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Сэргэлэн суманд “Адууны эмнэлэг барих төсөл” хэрэгжүүлэх санал, төслийн ач холбогдлын талаар танилцуулсан билээ.
Өнөөдөр /2026.08.17/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн профессор А.Гомбожав нар төслийг хариуцаж буй БНСУ-ын Кёнбук Үндэсний Их сургуулийн профессор Чу Гилжэ, төслийн зохицуулагч “Wosem” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жун Жэхүн, “Жан тах” ХХК-ийн захирал Жан Чол нарыг хүлээн авч уулзлаа. Адууны эмнэлгийг Сэргэлэн суманд байгуулахаар төлөвлөсөн ба энэ нь тус суманд уяачид олноор нутаглаж, адууны аж ахуй түлхүү хөгжсөнтэй холбоотой, улмаар мэргэшсэн мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байгаатай холбоотой юм.
Төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2024 оны 12 дугаар сард хоёр улсын холбогдох яам болон их, дээд сургуулийн удирдлагууд хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурсан ч хоёр улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төслийг эхлүүлэх албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгааг тодотгож, төслийн саналыг дахин уламжилж өгөхийг хүслээ.