Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр “Усны өдөр”-өөр үргэлжилж, усны нөөц, гангийн эрсдэл, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүний амьжиргааны харилцан хамаарлыг онцлон хэлэлцлээ.
"Усны өдөр"-ийн хүрээнд Монгол Улс СОР17-г зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд дэвшүүлж буй 3 санаачилгын хоёр дахь нь болох “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”-ыг зарлаж, нээлтийг хийж, түншлэл, хамтын ажиллагааг бий болгох усны төслүүдээ танилцууллаа.
"Усны өдөр"-ийн хүрээнд болсон Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлыг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн гол чиглэл болох “Ус-Газрын уялдааны санаачилга”-ыг эхлүүлж буйг мэдэгдэж, СОР17 хуралд оролцож буй Талуудад хандан "Ус бол эрүүл газар нутаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой орон нутаг, энх тайвныг хооронд нь холбож байдаг. Газрын усыг хадгалах чадварыг нь сэргээцгээе. Газрыг тэтгэж байдаг усаа хамгаалцгаая. Одоо арга хэмжээ авч, хохирол учрахаас өмнө тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулцгаая" хэмээн уриалав.
Мөн Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм. Энэ хүрээнд гүний усыг хамгаалж, усан сан, хиймэл нуур, цөөрөм байгуулах уг хөтөлбөрийн хүрээнд гол мөрөн, булаг шандыг сэргээнэ. Аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглана. Засгийн газраас өргөн барьсан Стандартын хуулиар усны хэрэглээнд хяналт тавьж, хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээлээ.